Дэлхийн алдартай хөлбөмбөгийн клубуудын логонд агуулагдсан утга учрыг нарийвчлан тайлбарлавал.

Манчестер Юнайтед, Англи

 

Юнайтед 1878 онд Ньютон Хит нэртэйгээр Манчестер хотын ажилчдын үүсгэн байгуулсан клуб билээ.

 

1902 онд эд хөрөнгө ихтэй бизнесмен тус клубийг худалдаж авснаар Манчестер Юнайтед гэдэг нэртэй болж анхны лого нь Манчестер хотын захиргааны сүлдтэй төстэйгөөр бүтээгдэж байжээ.

 

1960 оноос хэрэглэх болсон логон дээрх усан онгоц нь Манчестер хот нь далайн худалдаа хийдэгтэй холбоотой билээ.

Мэтт Басби дасгалжуулагч багтаа Улаан Чөтгөрүүд гэдэг хоч өгсөн бөгөөд санаагаа Салфорд хотын Ред Девилс регбигийн багаас санаа авсан гэдэг.

 

Үүний үр дүнд Улаан Чөтгөрүүд нэрээр дуудагдах болсон клуб 1973 онд логог шинэчилж усан онгоцны доор Улаан Чөтгөр байршуулсан байдаг.

1998 оноос хойш Football Club гэсэн бичгийг логоны доод хэсгээс хасаж зөвхөн Manchester United гэсэн бичигтэйгээр хэрэглэгдэж байна.

 

Арсенал, Англи

 

Арсеналын 1888 онд анх хийгдсэн лого дээш харсан гурван их буутайгаар бий болсон.

 

 

1913 онд клуб Хайбери цэнгэлдэхрүү нүүснээс хойш логог хэд хэдэн удаа шинэчилж байжээ.

 

Анхны логоноос хойш их бууг голдоо байрлуулсан төрөл төрлийн хар, цагаан өнгөтэй логог хэрэглэж байсан Арсенал 1949 онд анх удаа олон өнгө агуулсан болон клубийн нэрээ байршуулсан логотой болжээ.

Тус логоны доор байрлах “Victoria Concordia Crescit” нь Латинаар “Амжилт Эв Нэгдлээс Эхлэлтэй” гэх утгатай ажээ.

 

2002 онд лого маш энгийн болсон бөгөөд бамбайг хөх, улаан өнгө давамгайлснаар бүтээжээ.

Их бууны үйлдвэрийн ажилчдаас гаралтай тус клубийн салшгүй нэгэн зүйл болох их бууг баруун тийш харуулж Латин үгсийг хассанаар одоогийн лого бий болжээ.

 

Манчестер Сити, Англи

 

Сити клубийн лого мөн адил хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан бөгөөд 1930-аад оноос хэрэглэх болсон логонд шар, хөх өнгө болон усан онгоцтойгоор хийгдсэн байжээ.

1972 онд шинэчлэгдсэн лого нь одоогийнхтой бараг л адилхан мэт болов ч одоогийнх шиг харахад таатай загвартай биш байлаа.

 

Ситигийн 1997-2016 оны лого нь алтан шаргал бүргэдтэй байлаа. Энэ логонд ч гэсэн усан онгоцыг байршуулсан байсан ба доод хэсэгт байрлах Латин үгс нь “Тулаанд Нэр Хүнд” гэсэн утгатай байжээ.

2016 оноос хойш хэрэглэж байгаа логонд цайвар хөх, цагаан өнгүүд давамгайлсан байх бөгөөд усан онгоц илүү тодоор голд байрлуулаад, усан онгоцны доод хэсэгт далайн давлагааг санагдуулам цайвар хөх судлууд нэмжээ.

Логонд сарнай цэцгийн дэлбээ байдаг ба сарнай цэцэг нь Ланкашир бүс нутгийн сүлд билээ. Ямар ч түүхгүй баг гэгдсээр ирсэн Манчестер Сити клуб байгуулагдсан он болох 1894 оныг логондоо байршуулснаар хөлбөмбөгийн салбарт хэр удаан оршин тогтнож байгаагаа сануулах мэт.

Хөлбөмбөгийн клубуудын логоны утга №4