7-8 жилийн өмнө Францын 2 дугаар лигт тоглож байсан, зөвхөн хийх зүйлээ л хийдэг, илүү хэв маяггүй, биеэ тоосон зангүй, хувиа хичээдэггүй, чамирхах дургүй, агуу зүрх сэтгэлтэй Н’Голо Кантед багийн нөхөд нь түүнд л зориулсан дууг дуулж байсан.

 

 

Хаана ч хөлбөмбөгийн тэмцээн болоход багаа нуруун дээрээ үүрч явдаг тоглогч. 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга, Евро 2016 тэмцээний мөнгөн медаль, Аваргуудын лигийн 2020-2021 оны финалын шилдэг тоглогч бол Н’Голо Канте юм.

 

 

Евро 2020 тэмцээнд ч гэсэн түүнийг дэлхий нийтээрээ ярих болно. Кантед зориулсан дуу зохиогдох нь тун энгийн зүйл бөгөөд түүн шиг тоглогчийг дахин хэзээ харах эсэх эргэлзээтэй биш гэж үү.

 

Н'Голо Канте

 

Магадгүй хөлбөмбөгт цоо шинэ нэр томьёо авч ирсэн, байрлалынхаа илэрхийлэл болсон Н’Голо Кантегийн түүх.

 

 

Түүний өөр нэгэн багийн анд нь хэлэхдээ: Тэр үргэлж гялалзсан нүдтэй, бага зэргийн мишээлттэй, дуу цөөтэй, ихэвчлэн хүмүүсийн үгийг дуугүй л сонсож суудаг, бэлтгэлдээ ирж бэлтгэлээ хийчхээд л яваад өгдөг.

 

 

Тэгж хэлэх нь ч араггүй биз. Арьс өнгөний үзэл ихтэй гэгддэг Франц улсад гэр бүлээ тэжээхийн тулд тэр чадах бүхнээ хийсээр ирсэн. Харин Евро 2020 тэмцээн бүх Францчууд түүгээр бахархах болно. Түүнийг гудамжинд хог түүж явахад нь нэг нүдээрээ ч хардаггүй байсан тэр хүмүүс түүгээр бахархах болно.

 

 

 

Бяцхан гараараа хогийн сав ухаж, Мали улсаас цагаачилж ирсэн гэр бүлийнхэнтэйгээ ядуугийн зовлонг яс махандаа шингэтэл ойлгосон тэрээр огтхон ч шантралгүйгээр мөрөөдсөөр байсан. Учир нь илүү дээр нөхцөл байдалд хүрч чадна гэдэгтээ үргэлж итгэдэг байжээ.

 

 

Гэр бүлийнхэнтэйгээ урт хугацаанд маргалдсаны үр дүнд Сюренд нэгэн хүүхдийн клубд орсноор түүний аялал эхэлсэн түүхтэй. Мэдээжийн хэрэг хялбар байгаагүй гэхдээ тэндээс л тэр бусдын хайр хүндлэлийг олж эхэлсэн. Анхны жилүүддээ клубээ цомууд авахад нь гол нөлөө нь болж байсан хэдий ч 11 насандаа аавыгаа алдсаны дараагаар хүнд цохилтод орсон нь мэдээж.

 

 

 

Дуугаа хурааж, даруухан зантай болсон хэдий ч хэнд ч гомдоллож байгаагүй билээ. Багийнхаа хүүхдүүдэд хүртэл аавыгаа алдсан талаараа хэлдэггүй байсан гэдэг. Магадгүй тийм болохоор нь л түүний анхны скаут тэмдэглэлд “Хөлмбөмбөгчин болоход хэтэрхий сайхан сэтгэлтэй” гэгдсэн байх.

 

 

Бэлтгэлийн өмнө гар утсан дээрээ шатар тоглож, бэлтгэлээ дуусгаад л шууд гэр лүүгээ харьдаг тэр ийм л хүн. Ийм л дуу цөөтэй хүнийг хөлбөмбөгийн талбайгаас олж харах нь ховор. Хоёр жилийн турш очсон клуб болгоноосоо татгалзсан хариу авдаг байсан бөгөөд Булонь клуб анх түүнд 6-р лигт тоглодог байсан багтаа тоглох боломж олгож байсан билээ.

 

 

Ур чадвараараа Кан клубийн анхаарлыг татсан тэрээр 2013 онд буйр сэлгэж байлаа. Тухайн үед Марсель клубийн Марсело Бьелса дасгалжуулагч түүнийг багтаа нэгтгэх хүсэлтэй байсан гэдэг. Тэр хооронд арлын Англи улсаас Лестер Сити 2015 онд түүнд цоо шинэ боломжийг нээж өгсөн билээ.

 

 

9 сарын дараа Лестер Сити багтай хөлбөмбөгийн түүхэнд үнсгэлжингийн үлгэрийн бүтээлч болж, улирлын хамгийн их бөмбөг тасалсан тоглогч болж, Бьелсаг багийн удирдлагуудтай маргалдуулж түүний ажлыг нь өгүүлж байлаа. Магадгүй Марсело Бьелса түүний ирээдүйг харсан гэлтэй.

 

 

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга болохдоо Франц улсын шигшээ багийн тамирчид цомтойгоо нэг нэгээрээ зургаа авахуулж байхад Канте даруухан зантай учир Стивен Н’Зонзи бусдаас цомыг авч Кантед өгөн түүнд зургаа авахуулах боломжийг олгож билээ. Хүүхэд байхдаа ч тийм л хүүхэд байсан.

 

 

2018 оны 7 дугаар сард тэр л өдөр гартаа ичингүйрэн атгасан цомтой тэр залуу үнэндээ маш том амжилт үзүүлээд байлаа. Арьс өнгөний үзэл ихтэй Парис хотод төрж, бохир гудамжинд хог түүхэд хүрч байсан хүүхэд олон жилийн турш мөрөөдөж явсан хөлбөмбөгчин болоход хэтэрхий уяхан сэтгэлтэй гэгдэж байсан залуу, хөлбөмбөгчин болсноосоо хойш 6-7 жилийн дараа дэлхийн хамгийн том цомыг гартаа атгаж байв.

 

 

Канте оргил амжилтуудаа Челси клубд үзүүлсэн. 2 удаагын Премьер Лигийн аварга, Аваргуудын Лигийн аварга, УЕФА Евро Лигийн аварга, ФА Цом. Хэсэг хугацаанд Лампардын үед уналтад орсон ч гэсэн огтхон ч шантралгүй амжилтад хүрсээр л байна.

 

 

 

Аваргуудын Лигийн хасагдах шатны тоглолтуудаас финал хүртэл тоглолтуудын шилдгээр хэн сонгогдсон нь тодорхой бизээ. Баг нь ямар нэгэн цом авлаа гэхэд цомын тал нь түүнийх гэхэд буруудахгүй биз.

 

 

 

Аав нь нас барсны дараагаар гэр бүлээ тэжээхийн тулд хоёрдогч түүхий эд цуглуулж, худалдаж авдаг цэгт нь өгөхийн тулд асар хол замыг туулдаг байсан. 1998 онд Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн Франц улсад болж жуулчдын хог хаягдал дундаас тушаах түүхий эдээ цуглуулдаг байсан тэр хүү тухайн үед л аваргын цомыг хэзээ нэгэн өдөр өөрийн гараар авна гэж бодсон гэдэг.

 

 

Түүний адил цагаач, ядуу, өнгөт арьстай залуус түүнийг харж амжилтыг зорилгоо болгодог болоод байгаа билээ. Үнсгэлжингийн үлгэрийн бодит баатар гэгддэг Канте 2010 онд Булонь клубд ороод өөрийгөө харуулахын тулд хүнд хэцүү үеүдтэй тулгарч байлаа.

 

 

Премьер Лиг, Аваргуудын Лигт өөрийгөө харуулсан шигээ Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд амжилт үзүүлнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Дэлхийн хамгийн цайлган хөлбөмбөгчин Н’Голо Кантед амжилт хүсье!