Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш коронавирусын эсрэг вакцин хийлгэх хүмүүст iPhone 12 гар утас, пүүз, Steam тоглоомын платформ дээр ашиглах хөнгөлөлтийн купон олгоно гэж мэдэгдэв.

 

Чех улсад иргэдийг коронавирусын эсрэг вакцинд идэвхтэй хамрагдуулахын тулд сугалааны зарчмаар бэлэг тараана. Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийслэл Прага хотод явагдаж эхлэх вакцинжуулалтын төвүүдээр үйлчлүүлсэн иргэдээс долоо хоног бүрийн сугалаагаар Apple iPhone 12 гар утас болон өдөр бүр Converse пүүзний азтан тодрох бөгөөд азтан болсон хүмүүс нь бэлтгэгдсэн загваруудаас гадна өөрөө пүүзний загвараа зохион бүтээх боломжтой.

Мөн тоглоомын платформ (Steam) дээр ашиглах хөнгөлөлтийн купон гэх мэт хонжворуудыг өгөхөө мэдэгдээд байна.

Зорилтот бүлэг залуучууд.

Мэдээллийн дагуу тус вирус нь ихэвчлэн 16-29 насны хооронд халдвар өндөр байгаа бөгөөд Энэтхэгт үүссэн коронавирусын дельта мутаци нь эдгээр насны залуучууд дунд хурдацтай тархаж байгааг хэлээд Бабиш сугалаагаар тараагдах хонжворуудаар залуусыг вакцинжуулалтад идэвхтэй оролцуулах зорилготой гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Pfizer/BioNTech хоёр тун хоорондох хугацаа 21 хоног болгож буулгана.

Бабиш Pfizer/BioNTech вакцины хоёр тунгийн хоорондын зайг 38-42 хоног байсныг 21 хоног хүртэл бууруулах саналаа Засгийн газрын Эрүүл мэндийн эрсдэлийн зөвлөлд оруулах юм. Эрүүл мэндийн сайд Адам Войтех тун хоорондын хугацааг богиносгосноор Чех улсад мутацийн тохиолдол нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж мэдэгдсэн билээ.

Ойролцоогоор 10,5 сая хүн амтай Чех улсад арванхоёрдугаар сард вакцинжуулалт эхэлснээс хойш 8,8 сая гаруй тун коронавирусын эсрэг вакцин хийгдсэн байна. Хүн амын гуравны нэгээс илүүтэй тэнцэх 3,8 сая хүн коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан байна.