“UEFA Цом” байсан тэмцээнийг 2009 онд “UEFA Европын Лиг” болгож өөрчлөгдсөний араас санал нэгдсэн байдлаар европын хамгийн том клубуудын эзэд үе үе шүүмжлэх болсон.

“Аваргуудын Лиг”-ийн форматыг хангалттай шударга бус, сэтгэл хөдөлгөм биш гэж байнгын шүүмжилдэг байсан.

Лиг 5

Удирдлагууд 32 баг оролцдог группийн тоглолтуудыг шударга бус өрсөлдөөн гэх болсон бөгөөд цаашлаад 2014-15 оны лигт H группд 4 дүгээр сагснаас орсон БАТЭ Борисов мэтийн багуудыг 6-7 гоол алдахыг хэн ч дурлаж үзэхгүй, уйтгартай бөгөөд “Аваргуудын Лиг”-ийн шөвгийн 16 багийн тоглолт хүртэл үзэгчид багатай байна гэцгээж байсан.

 

2014 оны 10 сарын 10-нд европын хамгийн том клубуудын зүгээс шүүмжлүүлж байсан “UEFA” анх удаа буулт хийсэн. Дараагийн “Аваргуудын Лиг”-ийн групплэх системд үндсэн өөрчлөлт хийгдэхийг зарласан.

Лиг 9

“UEFA”-н гишүүн орнуудыг дотоодын лигийн өмнөх жилийн тэмцээнд эхний байруудыг эзэлсэн багууд оролцох эрхтэй бөгөөд тухайн улсад хэдэн эрх оногдох нь “UEFA”-н гишүүн орнуудын чансаанаас хамаарна.

“UEFA”-н чансаа 1-3-р байр: 4 баг

“UEFA”-н чансаа 4-6-р байр: 3 баг

“UEFA”-н чансаа 7-15-р байр: 2 баг

“UEFA”-н чансаа 16 буюу түүнээс хойших байр: 1 баг

Үүнээс гадна “Аваргуудын Лиг”-ийн өмнөх жилийн аварга баг оролцох эрхтэй боловч энэ тохиолдолд нэг улсаас оролцох багийн тоог 4-өөс хэтрүүлэх ёсгүй. Өөрөөр хэлбэл, “UEFA” чансаагаар 4 буюу түүнээс хойш байр эзэлдэг улсын баг тус тэмцээнд түрүүлбэл дараа жил тус улсыг төлөөлөн оролцох эрхтэй багуудын тоо 1-ээр нэмэгдэнэ.

Лиг 3

Жишээлбэл “Аваргуудын Лиг”-т цор ганц баг оролцуулах боломжтой Норвеги улсаас орсон баг “Аваргуудын Лиг”-ийн аварга боллоо гэж үзвэл 4 баг оруулсан Английн “Премьер Лиг”-ийн 4 багаас 4-үүлээ шөвгийн наймд үлдэн хасагдлаа гэхэд эдгээр 4 багийн улсынхаа оноонд нэмэх нийлбэр оноо нь аварга болсон Норвеги багаас илүү байдаг.

 

Үнэндээ энэ нь топ 4 гэгддэг Англи, Испани, Итали, Герман улсуудыг улсын оноогоороо эхний 4 байрнаас доошлох ямар ч нөхцөлгүй болгож байгаа гэсэн үг юм.

 

Нидерланд улс оноогоороо эдгээр топ 4 улсын дээр гарахын тулд “Аваргуудын Лиг”-т 2 жил дараалан “Аякс”, “ПСВ Эйндховен” багууд финалд үлдэх шаардлагатай юм.

 

Дүгнээд хэлэхэд “Аваргуудын Лиг”-т улсын оноогоо илүү их цуглуулахын тулд олон баг оруулах хэрэгтэй бөгөөд олон баг явуулахын тулд илүү их оноо цуглуулах хэрэгтэй.

 

Энэ нь хүчтэй улсыг илүү хүчтэй, харамсалтай нь сул улсыг илүү сулруулж хоорондын зөрүүг улам их болгодог.

Лиг 7

Тухайн үеийн “UEFA”-н ерөнхий нарийн бичиг байсан Жианни Инфантиногийн хийсэн хэвлэлийн хурлаар энэ шинэ групплэх системийн өөрчлөлтийг тайлбарлахдаа спортын гавьяа зүтгэл гэсэн үгийг ашиглаж байсан. Жианнигийн хэлснээр бол гавьяаг үнэлэх болно, хүртэх ёстой нь хүртэх ёстойгоо авах шударга систем гэж байсан.

 

Нөхцөл байдал энд хүрсэн нь тэдний өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаа байсан. “Аваргуудын Лиг”-ийн нэр хүндийг өсгөж илүү их ашиг олохын тулд эдгээр 12 багийг ашиглаж байхдаа бүх зүйл тэдний хувьд хэвийн байсан бөгөөд үүний үр дүнд илүү хүчирхэгжсэн. Эдгээр 12 баг “UEFA”-д хандан өөрсдийгөө ашиглуулж байсан, биднийг ашиглахаа боль бид өөрсдөө цааш явах болно гэжээ.

Лиг 2

2021 оны 4 сарын 19-нөөс хойш хөлбөмбөгийн хувьд цоо шинэ цаг үе ирээд байна. Учир нь 2021 оны 4 сарын 19-нд европын 12 том клубууд 1 шийдвэр дор цуглан “Европын Супер Лиг” нэртэй цоо шинэ тэмцээн зохион байгуулах болсноо мэдэгдсэн.

 

“Европын Супер Лиг” гэж юу вэ?

Лиг 6

“Европын Супер Лиг” 20 багийн оролцох тэмцээн байх болно.

 

Үүсгэн байгуулагч 15 баг жил бүр энэ тэмцээнд оролцох болно.

 

Нэмэлтээр орох 5 баг жил бүр өөрчлөгдөх мэдээлэл цацагдсан бөгөөд эдгээр 5 баг ямар системээр нэмэгдэж хасагдах нь одоогоор тодорхойгүй байна.

 

Үүсгэн байгуулагч 15 багаас 12 нь олон нийтэд ил болсон:

 

Англи: Арсенал, Челси, Ливерпүүл, Манчестер Сити, Манчестер Юнайтад, Тоттэнхам.

 

Испани: Атлетико Мадрид, Барселона, Реал Мадрид.

 

Итали: АС Милан, Интернационале, Ювентус

 

Үүсгэн байгуулагчдын үлдсэн 3 баг ойрын хугацаанд нийтэд ил болох төлөвтэй байгаа бөгөөд хүлээлт үүсгээд байсан Байерн Мюнхен, Боруссия Дортмунд, ПСЖ клубууд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.

 

“Европын Супер Лиг” 8 дугаар сард эхлэх товтой байгаа.

 

20 баг 10 10-аараа 2 группд хуваагдах бөгөөд өөрийн болон зочин багийн хувиар нийт 18 тоглолт явагдана. 18 тоглолтын дараах байдлаар групп бүрийн эхний 3 баг шөвгийн наймд шууд шалгарна.

 

4, 5 дугаар орсон багуудын хооронд плай-ин тоглогдож шөвгийн найман багт нэмэгдэж орох 2 багийг тодруулна.

 

Шөвгийн найман багын хооронд тус бүр 2 тоглолт явагдах бөгөөд финалын тоглолт 5 дугаар сард 1 тоглолтоор аваргаа шалгаруулах журамтай.

 

“Европын Супер Лиг”-т тоглох багууд нь өөрсдийн улсын лигт тоглоно гэж лигийн албан ёсны веб сайтад байршуулсан боловч “UEFA”-н зүгээс ”Европын Супер Лиг”-т оролцох багуудыг “UEFA” болон “FIFA”-гаас зохион байгуулдаг тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн мэдээлэл хүргээд байгаа.

Лиг 10

Энэ шинэ нэгдлийн ерөнхийлөгч болох Реал Мадрид клубийн ерөнхийлөгч Флорентино Перес хэлэхдээ “Хэрвээ манай лигийн тоглогчдыг 2022 оны Дэлхийн Аваргад оролцуулахгүй бол бид өөрсдөө Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнийг зохиох болно. Үүнийг тийм ч том асуудал гэж харахгүй байна” гэжээ.

Лиг 12

12 клуб нэг дор “Европын Клубуудын Нэгдэл”-ээс гарсан бөгөөд Ювентусын ерөнхийлөгч Андреа Аньелли “Европын Клубуудын Нэгдэл”-ийн ерөнхийлөгч болон “UEFA”-н ажлаа хүлээлгэн өгсөн.

 

“Европын Супер Лиг” 1 улиралд хамгийн багадаа 4.6 тэрбум еврогийн ашиг олох төлөвтэй байгаа бөгөөд үүний 3.5 тэрбум орчим еврог 15 үүсгэн байгуулагч клубуудэд хуваагдах ба үлдсэн 5 клуб бүрд багадаа 100 сая орчим еврогийн ашиг олгох учиртай.

 

Яагаад эдгээр багууд ийм шийдвэр гаргахад хүрэв?

 

“Аваргуудын Лиг”-т түрүүлсэн баг бүх нэмэлт бонустай нийт 80 сая еврогийн ашиг олдог.

Лиг 11

Финалд хожигдсон баг 75 сая орчмыг олдог.

 

Харин “Европын Супер Лиг”-т үүсгэн байгуулагч 15 клуб тус лигт оролцсоныхоо үр дүнд 250 сая евро олно. “Аваргуудын Лиг”-т түрүүлснээс 3 дахин их ашгийг ердөө оролцох төдийд олох тийм л их мөнгөн дүнгийн зөрүү байгаа билээ.

 

Өөрсдийгөө европын хамгийн сайн клубууд гээд байгаа эдгээр 12 клуб хэрвээ “Аваргуудын Лиг”-т тоглохгүй бол “Аваргуудын Лиг” тийм ч үнэ цэнэтэй тэмцээн болохгүй гэдэг байр суурьтай байгаа.

Лиг 1

Жишээлбэл Английн “Премьер Лиг”-ийн топ 6 баг Английн “Премьер Лиг”-т тоглохгүй бол тус лиг хүмүүсийн анхаарлыг татах үндэсгүй болно. Тиймээс эдгээр багууд өөрсдийн улсын лиг болон “Аваргуудын Лиг”-т оролцож байгаа бусад багуудыг тэднийг ашиглан мөнгө олж байгааг мэдэж байгаа.

 

Мэдээжийн хэрэг эдгээр том клубууд болон бусад клубуудын хооронд маш том ялгаа байсаар ирсэн.

 

Жишээлбэл Манчестер Юнайтад клубын Instagram профайл дээр 40 сая дагагчтай. 2020 онд “UEFA Европын Лиг”-ийн шөвгийн 16-д Манчестер Юнайтад Австри улсын ЛАСК Линз клубтэй учраа таарсан бөгөөд нийлбэр дүнгээр “7-1”-ийн харьцаатай өндөрлөсөн. ЛАСК Линз клубийн Instagram дагагчийн тоо 42,2 мянга. 10 биш, 100 биш, 1000 дахин илүү зөрүү байгаа.

Лиг 4

Тэгэхээр та бүгдээс энгийн нэгэн асуулт асууя. Танд 1 сая дагагчтай YouTube суваг байгаа бөгөөд та огт танихгүй ямар ч холбоогүй 1000 дагагчтай өөр нэгэн YouTube сувагтай хамтран видео хийх үү?

 

Хэрвээ хийнэ гэж байгаа бол энэ видеог хийснээрээ хэнд нь илүү ашигтай байх вэ? 1 сая дагагчтай танд уу? Эсвэл 1000 дагагчтай тэр сувагт уу?

 

Хэрвээ үгүй гэж байгаа бол Манчестер Юнайтад, ЛАСК Линзтэй биш өөрийн түвшний багтай хамтран видео хийхийг хүсэж байна л гэсэн үг. Мэдээжийн хэрэг 1,1 сая дагагчидтай 2 YouTube сувгийн хамтарсан видео илүү их хандалт авна.

 

Үүнээс хойш юу болох вэ?

 

Зарим хүмүүсийн хэлсэн шиг хэрвээ энэ лиг явагдвал хөлбөмбөгийг үгүй болгох уу?

 

Хүмүүс бүхий л хугацаанд шинэчлэлд хаалттай хандсаар ирсэн. Хүмүүсийн үндсэн чанарт байгаа зүйлсийг тэр хэвээр хадгалах сонирхолтой байдаг.

 

1904 онд байгуулагдсан “FIFA”, 1954 онд байгуулагдсан “UEFA” зарим нэгэн шаардлагын дагуу бий болсон байгууллагууд.

 

Улсуудын шигшээ баг болон клубууд өөр улсын багуудтай тоглох сонирхлын дагуу эдгээр тэмцээнүүдийг зохион байгуулах зорилтоор олон улс нэгдэн байгуулсан нэгдэл юм.

 

Тэднээс хүссэн зүйл нь олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулахаас гадна оролцож буй багуудын эрхийг хамгаалах байсан.

 

Сүүлийн үеүдэд хуучин “FIFA”, “UEFA”-н ерөнхийлөгч байсан Зепп Блаттер, Мишель Платини нарын хийсэн хариуцлагагүй үйлдлүүд болон авсан авилгын хэргийн улмаас хөлбөмбөгийн найм, найман жилийн хориг тавигдсан.

Лиг 13

“FIFA”-н одоогийн ерөнхийлөгч Жианни Инфантинотой холбоотой авилгын хэрэг шалгагдаж байгаа.

 

Үүний хажуугаар олон улсын тэмцээнүүдийг үнэ цэнэтэй болгож байгаа гэж өөрсдийгөө дүгнээд байгаа клубууд шууд дамжуулалт болон нэмэлт ашгаас илүү их хэмжээг хүртэхийг хүссэн боловч “UEFA” зөвшөөрөөгүй.

 

Үүний үр дүнд олон жилийн өмнө байгуулагдсан “FIFA”, “UEFA” нарын туслалцаагүйгээр орчин үед олон улсын хэмжээний тэмцээнүүдийг зохион байгуулахын тулд тэдний дэмжлэг хэрэг болохгүй болсон бөгөөд өөрсдийн эрхийг хамгаалахын тулд эдгээр бохирдсон байгууллагуудтай хамтран ажиллах хэрэггүй болсон.

 

Мэдээжийн хэрэг Реал Мадрид клуб 13 удаа түрүүлсэн тэмцээнээсээ гархийг хүсээгүй. Мөн адил Барселона, Милан, Ливерпүүл клубууд бусад багуудтай харьцуулахад илүү амжилт үзүүлдэг эдгээр тэмцээнүүдээс гархийг хүсээгүй. Хэн ч өөрсдийн бүтээсэн түүхийг үгүй хийх хүсэлгүй байсан хэдий ч зарим нэгэн бодит байдлыг эсэргүүцэх боломжгүй юм.

Лиг 8

“UEFA Аваргуудын Лиг” ойрын хугацаанд түүхэнд л үлдэх төлөвтэй байна. Хэсэг хугацаанд үргэлжлүүлэн эдгээр тэмцээнүүдийг зохион байгууллаа ч гэсэн дэлхийн хамгийн их анхаарал татсан тэмцээн хэвээр байхгүй нь тодорхой.

 

Эдгээр 12 клуб тусдаа гарсны улмаас “Аваргуудын Лиг”-ийн нэр хүнд унах нь тодорхой биз ээ. Спонсорууд багасаж тэмцээний зэрэглэл унах нь маргаангүй бөгөөд европын 2 дугаар том тэмцээн гэж явах болно.

 

Мөн “Европын Супер Лиг”-ийг зөвхөн 20-н клубээр хязгаарлагдана гэхэд хэцүү. Жишээлбэл Наполи, Леверкузен, Валенсиа, Эвертон клубууд илүү ашиг олох боломж байгааг олж харах юм бол тэд ч гэсэн “Аваргуудын Лиг”-ээс тусгаарлаж өөрсдийн лигийг зохион байгуулах магадлалтай. Эсвэл тэдний тоглох лигийг “Европын Супер Лиг”-ийн үүсгэн байгуулагч нарт хариуцуулан тэдний доод лиг болохыг үгүйсгэх аргагүй.

 

Богино хугацаанд “Европын Супер Лиг”-ийн 2, 3, 4 дүгээр лигүүдтэй болохыг харж ч магадгүй юм.

Энэ нөхцөл байдалд “UEFA” өөрсдийгөө ч татан буулгах болж магадгүй юм. Үүнээс хойш европын хөлбөмбөгт “UEFA” биш эдгээр том клубуудын нөлөө их болно.

Гэвч 04.21-ны байдлаар Английн “Премьер Лиг”-ийн 6 баг “Европын Супер Лиг”-т орохгүй болсноо зарлалаа. Эдгээр 6-н баг нь Арсенал, Челси, Ливерпүүл, Манчестер Сити, Манчестер Юнайтад, Тоттэнхам юм.

“Европын Супер Лиг” хөлбөмбөгийг үгүй болгож байна уу эсвэл хөлбөмбөгт цоо шинэ хуудас нээж байна уу? Ойрын хугацаанд юу болох нь тодорхой болох бөгөөд хамгийн энгийнээр хэлэхэд юу ч хуучин шигээ байхгүй.